Хүн төрлөхтөний хүчирхэг манлайлал болсон Хүннү, Хөх Нирун, Их Монгол улсаасаа эхлэн бидний удамт дээдсүүд эх нутаг, газар шороонийхоо баялагийг эрхэмлэн хайрлаж, эзэмшин хамгаалсаар үрс хойч бидэндээ цэвэр ариунаар нь өвлүүлэн үлдээсэн яндашгүй гавъяатнууд мөн билээ. Тэд “Газар бол улсын үндэс”, “Миний нутгийн газраас Бурхан гуйсан ч бүү өг” хэмээн зарлиглаж эх болсон газар нутаг түүнийхээ баялагт жинхэнэ ЭЗЭН ЭРХ-ээ тод томруунаар тунхаглан баталгаажуулжээ. Хаан эзнээсээ эхлэн харц, хамжлага гэлтгүй бүгд нэгдэн нягтарч эх өлгий нутагтаа тааваараа чөлөөтэй тархан аж төрж, газар нутгийнхаа баялагийн үр шимийг амьдрал ахуйдаа зөв тэгш зохистой, нийтээр ашиглан эзэмшиж ирсэн сайхан уламжлалтай агуу үндэстэн бол Монголчууд мөн.
Өнөө цагийн бидний эринд ЭЗЭН ЭРХ-ийн маань мөн чанар бүдгэрч сулрах учиргүй ба ирээдүй хойчсийнхоо өмнө та бид тангараглан хариуцагч нь байх үүрэгтэнүүд билээ. Иймд бид олны хүч оломгүй далай болон эзэн эрхдээ сул орон зай үлдээлгүй бүрэн бүтнээр дүүргэж, аливаа амин хувийн ашиг хайгч хомхой этгээдийн завдал санаархалд үл автан баялагийн шударга, зөв зохист хуваарилалтын төлөө нэгдэцгээе.
Үүний тулд “Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах баялагийн эзэд нийгэмлэг” төрийн бус байгууллага үүсэн байгуулагдаж Монгол улсын жинхэнэ эзэн бүх иргэдээ нэгдэн хамтрахыг уриалан мэндчилж байна. Манай улс байгалийн баялагаараа дэлхийд тэргүүлэх зэрэгтэй бөгөөд өнөөдөр мэдэгдэж буй тооцоогоор нийт гурван сая гаруй иргэдийн хүн нэг бүрт багадаа 3 сая ам,доллароор үнэлэгдэх хэмжээний эрдэс баялагийн нөөц оногдохоор тогтоогдоод байна.
Энэ их баялагийн эзэн бид бүгд баялагаа үр ашигтай, үр удамдаа өгөөжтэй, эх орныхоо хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтийн шинэ түүхийн эхлэлийг хамтдаа бүтээхэд чин зоригоор нэгдэж жинхэнэ ард түмний эзэнт Монгол улсаа бүтээцгээе.
Монгол улсын үндсэн хуульд заасан иргэн бүрийн эрхийг баталгаажуулан, гишүүдээ төлөөлөх, өмгөөлөн хамгаалах, чиглүүлэн холбох, дэмжин ажиллах үндсэн зорилготой.
Монгол улсын баялгийн хуримтлалыг иргэн бүрд үр өгөөжтэй хувилбараар хуваарилах зарчмыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хэлэлцэх тогтолцоог бүрдүүлэх
Хувьцааны холбогдолтой хууль тогтоомж, бодлогын бичиг баримтыг боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх, сайжруулах бүх шатанд хувьцаа эзэмшигчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах
Гишүүдээс улсын баялгийн хуримтлалаас хүртэх хувиа өргөжүүлэх, түүний хуваарилалтад тавих хяналтаа нэмэгдүүлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлэх, уриалах
Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах олон талын хамтын ажиллагааг хангах, тогтвортой сүлжээг хөгжүүлэх, талуудын харилцан түншлэлийг бэхжүүлэх
Эдийн засаг, зах зээлийн өөрчлөлтөд мэдрэмжтэй хандаж хувьцаа эзэмшигч гишүүд, түншлэгч байгууллагуудыг үнэ цэнтэй мэдлэг, мэдээллээр хангах
Нийгэмлэгийн засаглал, менежементийг сайжруулах, дотоод хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нөөцүүдийг бэхжүүлэх