1072 гэж юу вэ?

1072 гэж юу вэ?
  • 2023-05-17

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ны Монгол улсын иргэдэд 

эзэмшүүлсэн 1072 хувьцааны талаар


Монгол Улсын Их хурлын 2008 оны 35-р тогтоолоор Стратегийн томоохон орд газрын орлогоос иргэн бүрд 1.5 сая төгрөгийн эх орны хишиг хүртээх  санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна. Мөн “Хүний хөгжил сангийн тухай хууль”-ийг 2009 онд баталжээ. 

Үүний дагуу Засгийн газар “Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний тухай” 2010 онд 84 дүгээр тогтоол баталж 500.0 мянган төгрөгийг 2010-2012 онд бэлнээр олгохоор шийдвэрлэн, иргэн бүрт 2010 онд 120.0 мянган төгрөг, 2011 оны 1-р сараас 2012 оны 6-р сарыг хамруулан сар бүр 21.0 мянган төгрөг буюу нийт 380,0 мянган төгрөгийн хувь хишгийг Сангийн яам, НХХЯ-наас (хуучнаар) холбогдох банкуудтай гэрээ байгуулан иргэдэд олгосон байна.

Үлдэж буй 1.0 сая төгрөгийн хувь хишгийг УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолоор иргэн бүрд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1.0 сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий хувьцааг эзэмшүүлхээр шийдвэрлэсэн байна. Гэтэл уг асуудлыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эсвэл бэлэн мөнгөний гэсэн сонголттойгоор иргэдэд олгохоор ЗГ-аас чиглэл гарган 2012 оны 4 дүгээр сарын 11-нд болон түүнээс өмнө  төрсөн МУ-ын иргэн бүр тус компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй хэмээн шийдвэрлэжээ. Гэвч Засгийн газар 2012 оны 116 дугаар тогтоолоороо Монгол Улсын иргэн хувьцаагаа авах эсвэл дараах тохиолдолд 1.0 сая төгрөг бэлнээр авч болно гэж тогтоожээ. Үүнд:

  • Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй ахмад настан, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн,
  • 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан /нэг жилийнх 500.0 мянган төгрөг/,
  • 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэн.

Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргахдаа УИХ-ын 2011 оны 98 дугаар тогтоолын 9-д “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, гадаад дотоодын хөрөнгийн биржид арилжаалах бэлтгэл ажлын явцын талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгч, сургалт зохион байгуулахыг БСШУ-ны яамны сайд, Төрийн өмчийн хорооны дарга, “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал нарт даалгасан” заалтыг зөрчиж хангалттай мэдээлэл өгөөгүй байна. Иргэд 1072 хувьцааг эзэмших, эсвэл хүний хөгжил сангаас 1,0 сая төгрөг бэлнээр авах, сургалтын төлбөрт ашиглах гэсэн сонголт хийхдээ “Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсний орд газрын нөөц, нөөцийн үнэ цэнэ, коксжих нүүрсний зах зээл зэргээс шалтгаалан компани ирээдүйд ямар ашигтай байж болох тухай мэдээлэлд үндэслэн шийдвэрээ гаргах ёстой байсан. Гэтэл энэ талаар ямар ч мэдээлэл өгөлгүй, өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд зэрэг эх орны хишиг хувь хэлбэрээр хүртсэн 500,0 мянгаас 1,0 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааг нь хасах шийдвэр гаргасан байна. Ийм шийдвэр гаргахдаа иргэдийн хувьцааг нэрлэсэн үнээр нь тооцон хасч компанийн ирээдүйн орлогоос хувь хүртэх  боломжийг нь хаагаад зогсохгүй Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн байгалийн баялагаас хүртэх өмчийг нь нэг удаагийн компанит ажлаар шууд хүчингүй болгосон ноцтой зөрчил гаргажээ. 

Дээрх шийдвэрийн дагуу монгол улсын 500,0 мянга шахам иргэний эзэмших ёстой “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг хууль бусаар хураан авсан байна. 

Мөн иргэдийн 1072 хувьцааг Засгийн газар хураан авахдаа “төлбөрийг нь төлсний үндсэн дээр буцаан эзэмших эрхтэй” хэмээсэн журам тогтоосон боловч хугацааг 40-хөн хоногоор тогтоосон бөгөөд энэхүү хүсэлтээ үнэт цаасны арилжаанд зуучлах эрхгүй “сум, хорооны нийгмийн ажилтанд гаргахаар заасан нь мөн л хууль зөрчсөн үйлдэл” юм. 

Энэ мэтчилэн УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэлгүй, иргэдийн мэдээлэл авах эрхийг ноцтой зөрчсөний улмаас иргэдийг төөрөгдүүлэн, тэдний өмчлөх эрхэд хохирол учруулсан  шийдвэрийг залруулах, хууль бусаар Засгийн газар хураан авсан 1072 хувьцааны үнийг төлсөн иргэнд  хувьцааг нь буцаан эзэмшүүлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм. 

Ингэхдээ хууль бус шийдвэрийн төөрөгдөлд орж хувьцаагаа алдсан иргэдэд төлбөрийн дарамт учруулахгүйн үүднээс “Эрдэнэс тавантолгой” компанийн иргэдэд оногдох ноогдол ашгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээг үе шаттайгаар суутган авч тооцоо хийх шаардлагыг Баялагийн эзэд нийгэмлэгээс холбогдох байгууллагуудад хүргүүлж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн 1072 ширхэг хувьцаагаа эзэмшиж буй Монгол улсын 2,8 сая гаруй иргэд хувьцаагаа өвлүүлэх асуудал тодорхойгүй байгааг хууль эрх зүйн хүрээнд залруулан үр хойчдоо өвлүүлэн өмчлүүлэх эрхтэй байх асуудлыг ч мөн шаардаж байгаа болно.